CenGeoLab
Шинжилгээний аргууд
  
  
  
Захиалга өгөх
Петрографийн шинжилгээний арга

Петрографийн бичиглэл

Петрографийн шинжилгээ нь чулуулгийн суурин судалгааны үеийн нэг үндсэн арга юм. Энэ шинжилгээний эцсийн үр дүн нь чулуун дээжний петрографийн бичиглэл байдаг бөгөөд энэ нь судалгааны талбайд тархсан чулуулгийн төрөл зүйлийг ангилж тэдгээрийн байршил, хил заагийг тогтоох, геологийн зураг зохиох үндсэн материал болдог. Тэрчлэн тухайн нутаг дэвсгэрийн геологийн тогтоц болон чулуулгийн гарал үүсэл, хувирал өөрчлөлтийг тайлбарлах, энэ талаар дүгнэлт хийх боломж олгодог. Микроскопын шинжилгээний (петрографийн) аргуудыг оновчтой хэрэглэснээр аливаа чулуулгийн нэр, чулуулгийн эрдсийн бүрэлдэхүүн, найрлага, гарал үүсэл, хувирал өөрчлөлтийн талаар олон талын, дэлгэрэнгүй, үнэмшилтэй мэдээллийг авах боломжтой.

Петрографийн шинжилгээг төвлөрсөн журмаар явуулахдаа захиалагч талын эрэлт хэрэгцээг харгалзан дэлгэрэнгүй (бүрэн) буюу хураангуй хэлбэрээр гүйцэтгэдэг.

Петрографийн дэлгэрэнгүй шинжилгээгээр:

1)      Чулуулгийн нэр

2)      Эрдсийн агуулга, гол, хоёрдугаар зэргийн болон акцессор, хоёрдогч эрдсүүдийг агуулгын эзлэх хувь хэмжээний хамт жагсаана.

3)      Эрдэс тус бүрийн бичлэг. Плагиоклаз нэгдүгээрт, бусад эрдэс агуулгын буурах дараалалаар бичигдэнэ. Микроскопоор тодорхойлж болох гэрлийн бүх шинжийг зааж өгнө.

4)      Хоёрдогч хувирлын бүтээгдэхүүн. Үүслийн дарааллаар бичвэл зохимжтой.

5)      Бүтэц, текстурын онцлогийг тодорхойлж бичих

6)      Дүгнэлт: Эрдсийн үүслийн дэс дараалал, чулуулгийн үүсэл, хувирал өөрчлөлттэй холбогдсон дүгнэлтүүд хийгдэнэ.

Петрографийн хураангуй шинжилгээгээр:

1)      Чулуулгийн нэр

2)      Эрдсийн агуулга, гол, хоёрдугаар зэргийн болон акцессор, хоёрдогч эрдсүүдийг агуулгын эзлэх хувь хэмжээний хамт жагсаана.

3)      Онцлог эрдсүүдийн товч бичлэг.

4)      Бүтэц, текстурын онцлогийг товч бичих

5)      Дүгнэлт: Эрдсийн үүслийн дэс дараалал, чулуулгийн үүсэл, хувирал өөрчлөлттэй холбогдсон товчхон дүгнэлтийг  хийнэ.

Петрографийн шинжилгээнд шаардлагатай (захиалагчийн хүсэлтээр) тохиолдолд эрдэс чулуулгийг тодорхойлоход нэмэлт байдлаар дараах аргуудыг ч өргөн хэрэглэдэг. Үүнд:

­   Федеровийн ширээний арга

­   Петрохимийн тооцооны арга

­   Эрдэс тоолох арга

Нүүр хуудас     Буцах     Дээш буцах