CenGeoLab
Шинжилгээний аргууд
  
  
  
Захиалга өгөх
Аттестатчилсан Стандартчилсан Загвар - Зохион бүтээлт

Геологийн төв лаборатори нь эрдэс түүхий эдээр аттестатчилсан стандартчилсан загвар (АСЗ)-ыг улсын хэмжээнд захиалгаар цогцоор зохион бүтээдэг мэргэшсэн байгууллага юм.

Материалын болон төрөл бүрийн дээжийн лабораторийн шинжилгээ судалгаа хийдэг геологи уул уурхай, анагаах ухаан, эм зүй, биологи, хими физик болон шинжлэх ухааны бусад салбарын шинжилгээний ажлын үнэмшилт магадлал, чанарын үзүүлэлт, хэмжлийн нэгдмэл байдлыг хангахад аттестатчилсан стандартчилсан загвар зайлшгүй шаардлагатай.

Дэлхийн улс орнууд эрдэс түүхий эдийн олон арван стандарт загварын дээж зохион бүтээж шинжилгээний чанар, үнэмшлийг тогтоох, өндөр мэдрэх чадвар, нарийвчлалтай тоног төхөөрөмж, арга аргачлал нэвтрүүлэх, найдвартай ажиллагааг нь шалгах, дээж сорьцын найрлагыг тогтооход эталон болгон өргөн ашигладаг.

Геологийн төв лаборатори (ГТЛ) 1970-аад оны дунд үеэс өөрийн орны төрөл бүрийн чулуулаг, хүдэр, баяжмал, ашигт малтмалын технологийн боловсруулалтын бүтээгдэхүүнээр Олон Улсын-11, үндэсний-40, байгууллагын стандартчилсан загвар (БСЗ)-5 (21) нийтдээ 56 АСЗ зохион бүтээж батлуулсан нь Монгол улсын хэмжээнд бэлтгэгдсэн нийт АСЗ-ын 90 орчим хувийг эзлэж байна.

2007 оноос эхлэн Монгол-Германы засгийн газар хоорондын техникийн хамтын ажиллагааны "Стандартчилсан загварын аттестатчилал" төсөл хэрэгжиснээр СЗ боловсруулалтын үйл ажиллагааны сүүлийн үеийн тоног төхөөрөмжүүдийг суурилуулж, олон улсын хэмжээнд баталгаажуулсан стандартчилсан загвар зохион бүтээхээр төслийн баг ажиллаж байна.

Манай зохион бүтээсэн АСЗ-ын аттестатчиллын шинжилгээнд Америк, Англи, Албани, Болгар, Бразил, Герман, Израйль, Испани, Канад, Мексик, ОХУ, Словак, Унгар, Хятад, Франц, Япон зэрэг орны ОУ-ын хэмжээнд итгэмжлэгдсэн лаборатори байгууллагууд оролцдог.

ГТЛ нь Олон Улсын Геоаналитик Ассиоциацын Нийгэмлэгтэй хамтран Говь-Алтайн серпентинит "GAS", Онгонхайрханы шүлтлэг боржин Онгонит "ОШБО" АСЗ зохион бүтээж 2009 онд ОУ-ын хэмжээнд баталгаажуулсан.

ОУ-ын Стандарчиллын байгууллага ISO REMCO-ийн COMAR-ийн мэдээллийн сангаас манай зохион бүтээсэн АСЗ-ын тухай та бүхэн танилцах боломжтой.


АСЗ-ын зориулалт
АСЗ нь лабораторийн шинжилгээний үр дүнгийн үнэн зөв байдлыг шалгах чанарын гадаад дотоод хяналт, хэмжлийн аргын баталгаажуулалт, багаж тоног төхөөрөмжийн калибровк, тохируулгад болон хэмжлийн нэгдмэл байдлыг хангахад зориулагдана.
АСЗ-ыг хэрэглэхийн учир:
- Улс орны бүхий л салбарын хэмжил, үйлчилгээ, бүтээгдэхүүний чанарын олон улсын стандарт болон зах зээлтэй харьцах чадварыг тогтоох
- Харьцагдах чадварын үндэс бөгөөд хэмжлийн үнэн зөвд дэлхий нийтийн итгэлцлийг бий болгох
- Олон улсын стандарт болон зах зээлтэй харьцуулж жиших системийг АСЗ-ын тусламжтайгаар бүрдүүлэх
- Тоо хэмжээ, төрөл, чанар нь улс орны эдийн засаг, үйлдвэрлэлийн хөгжлийн баталгаат байдлыг илэрхийлэх
АСЗ нь дараах үндсэн асуудлыг шийдвэрлэхэд хэрэглэгдэнэ.
- Шинжилгээний аргын баталгаажуулалт
- Шинжилгээний ажлын чанарын хяналт
- Лабораториудын ур чадварын сорил
- Багаж, тоног төхөөрөмжийн калибровк
- Геологийн судалгааны гадаад дотоод хяналт, уул уурхайн бүтээгдэхүүний ердийн болон экспертиз шинжилгээ (захиалагчдаас лабораторийн шинжилгээний чанарт тавих хяналт)
- Шинээр зохион бүтээж буй стандартчилсан загварын аттестатчиллын шинжилгээний хяналт

АСЗ зохион бүтээх технологи ажиллагаа

АСЗ зохион бүтээх ажлыг ОУ-ын болон Монголын улсын стандартын дагуу дараах үе шатны аргачлалаар гүйцэтгэдэг:

- Стандарт загвар зохион бүтээх техникийн даалгавар боловсруулж батлуулах
- Бөөн дээж сонгон сорьцлолт
- Бодисын найрлагын судалгаа
- Дээжийн бутлалт, нунтаглалт
- Ширхэглэгийн бүтцийн шинжилгээ
- Нэгэн төрлийн болгох үйл ажиллагаа
- Савлалт
- Нэгэн төрлийг шалгах шинжилгээ, үр дүнд нэгэн төрлийг тогтоох статистик боловсруулалт - дүгнэлт
- Лаборатори хоорондын аттестатчиллын шинжилгээ
- Аттестатчиллын шинжилгээний үр дүнгийн статистик боловсруулалт, аттестатчилагдах үзүүлэлтийг тогтоох
- АСЗ зохион бүтээх ажлын техникийн тайлан, холбогдох бусад баримт бичиг (гэрчилгээ, хэрэглэх заавар г.м.) боловсруулах
- Монгол улс, Олон улсын мэргэжлийн байгууллагын экспертиз, баталгаажуулалт
- Сурталчилгаа, борлуулалт

Тайлбар: Нэгэн төрлийг тогтоох болон аттестатчиллын шинжилгээний үр дүнгийн статистик боловсруулалтыг ОУ-ын "ProLAB - Арга баталгаажуулах лаборатори хоорондын сорил болон ур чадварын сорилд зориулсан программ хангамж" ашиглан гүйцэтгэдэг.

 

Нүүр хуудас     Буцах     Дээш буцах